Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын өмнө өнөөдөр нэг бодит асуудал байсаар байна.

Хүнсний аюулгүй байдал бол **шалгалтад бэлдэх ажил биш, хэрэглэгчийн өмнө хүлээх хариуцлага** юм. Эрсдэлийг урьдчилан сэргийлэх соёл **удирдлагаас эхэлнэ.**
Бид хүний ам руу орох хүнс үйлдвэрлэж, хэрэглэгчийн эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээж байгаа атлаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бизнесийнхээ салшгүй хэсэг гэж харах хандлага хангалтгүй хэвээр байна. “Хоолны хордлого гарахгүй л бол болно.” “Хяналт шалгалт ирвэл зохицуулчихна.” Ийм хандлага байсаар байгаа цагт хүнсний аюулгүй байдлын соёл бодитоор төлөвшихөд хэцүү. Хүнсний аюулгүй байдал гэдэг асуудал гарсны дараа арга хэмжээ авах тухай биш. Асуудал гарахаас өмнө эрсдэлийг олж харах, үнэлэх, хянах, урьдчилан сэргийлэх тогтолцоо юм. Энэ нь зөвхөн эрүүл ахуйч, технологич, чанарын ажилтан эсвэл хяналтын багийн үүрэг биш. Хүнсний аюулгүй байдал удирдлагаас эхэлдэг. Удирдлага нь бодлого, нөөц, хариуцлага, хяналтын тогтолцоогоо бүрдүүлж, ажилтан бүр өөрийн ажлын байр, үйл ажиллагаанаас үүсэж болох эрсдэлийг ойлгож, хариуцлагатай ажиллаж байж хүнсний аюулгүй байдлын соёл бий болно. Асуудал гарсан үед “Хэн буруутай вэ?” гэж хайхаасаа өмнө “Яагаад ийм асуудал үүсэв?” “Манай тогтолцооны аль хэсэг ажилласангүй вэ?” “Дахин давтагдахгүй байхын тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?” гэдгийг асуух нь илүү чухал. Өнөөдөр олон байгууллага ISO 22000 хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна. Гэхдээ ISO 22000 бол шууд эхлэх цэг биш. Үүний өмнө GHP, GMP-ийн суурь дадал хэвшсэн, технологийн үйл явц тодорхой болсон, аюул эрсдэлээ зөв үнэлсэн, HACCP-ийн зарчмаар хяналтын арга хэмжээгээ тогтоосон байх шаардлагатай. Суурь нь сул байхад өндөр түвшний тогтолцоо байгууллаа гээд цаасан дээрх баримт бичгээс хэтрэхгүй. Харин байгууллага өөрийн үйл ажиллагааны бодит эрсдэлийг ойлгож, үндсэн шалтгаанаа тодорхойлж, суурь тогтолцоогоо өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж чадвал хүнсний аюулгүй байдал “шалгалтад бэлддэг ажил” биш, байгууллагын өдөр тутмын соёл болж эхэлнэ. Эцсийн дүндээ хүнсний аюулгүй байдал гэдэг нь стандартын гэрчилгээ авах, олон баримт бичиг бүрдүүлэх, хяналт шалгалтаас айх тухай асуудал биш. Энэ бол хэрэглэгчийнхээ өмнө хүлээсэн хариуцлага. Байгууллагын нэр хүндийн баталгаа. Тогтвортой бизнесийн үндэс. Хүнсний аюулгүй байдлыг зардал гэж бус, эрсдэлээс хамгаалж буй хөрөнгө оруулалт гэж хардаг удирдлагын хандлагаас бодит өөрчлөлт эхэлнэ.
